хууль бол шударга ёс

2012-06-05 - Бизнесийн эрх зүй лекц

БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ

Бизнесийн эрх зүй нь аж ахуй эрхлэгчдэд эд хөрөнгө олж авах, түүнийг өмчлөх, захиран зарцуулах нөхцөл боломжийг тодорхойлж тогтоох төдийгүй тэднийг эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарсан зөрчлийг арилгаж бизнесмений эрхийг хамгаалах үүрэгтэй.

МУ-ын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол улсын иргэн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. Монгол улсын иргэний хуульд төр өмчийн бүх төрөл, хэлбэр чөлөөтэй хөгжих нөхцлийг бүрдүүлж тэдгээрийн байдлыг хуулиар хамгаална гэж заасан юм. Энэ нь бизнесмений эрхийг хамгаалах үндсэн зарчим, чиглэлийг хуулиар баталгаажуулсан хэрэг болно.

Бизнесменүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй, төр түүнийг хамгаалах үүрэгтэй байдаг. Бизнесменүүдийн эрх ямар хэлбэрээр зөрчиигдөж болох буюу зөрчигдсөн түүнийг хэн ямар аргаар яаж зохицуулж хамгаалах талаар манай хуульд тогтоомжид тодорхой заасан байдаг.

Бизнесменүүдийн эрхийг:

1.    Бизнесменүүд эрхээ өөрөө хамгаалах

2.    Бизнесменүүдийн эрхийг шүүх хамгаалах

3.    Арбитр бизнесменүүдийн эрхийг хамгаалах

4.    Бизнесменүүдийн эрхийг хууль зүйн зөвлөгөөний аргаар тус тус хамгаална.

 

1.    Бизнесменүүд эрхээ өөрөө хамгаална:  Энэ нь харьцангуй өргөн ойлголт юм. Иргэн хуулийн этгээд эд хөрөнгийг шударгаар олж авах, аж ахуйн нэгж байгуулах, бусад байгууллага, иргэдтэй төрөл бүрийн аж ахуйн харилцаанд оролцохдоо хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Хуулийн дагуу ажиллаж байгаа нь өөрөө өөрийнхөө эрхийг хамгаална.

Бизнесмен аж ахуй нэгж байгуулахад гэрээ дүрмийг зохих журмын дагуу хийх, бүртгэх байгууллагад бүртгүүлэх, зөвшөөрсөн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх үүрэгтэй. Энэхүү журмыг баримтлаагүй, баримталсан ч хууль зүйн агуулга, хэлбэрт нийцээгүй бол өөрийн болон бусдын эрх ашгийг  хохироох болно.

Иргэний хуульд заасан тодорхой төрлийн гэрээгээр үүрэг гүййцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн ажил үүргийн дутагдалыг засаж арилгуулахаар шаардах, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах, гэрээ цуцлахыг шаардах гэх мэт хэлбэрээр өөрийн эрхээ хамгаална. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажил эрхлээгүй буюу удаан хийснээс түүнийг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон бол захиалагч гэрээг цуцалж, учирсан хохиролыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

2.    Бизнесменүүдийн эрхийг шүүх хамгаалах: Шүүх эрх мэдэл хэрэгжих нэг зарчим бол хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх явдал юм. Эрхээ ямар байдлаар зөрчигдсөн гэж үзэж буй аж ахуй эрхлэгчид уг эрхээ сэргээж хамгаалуулахаар шүүхэд хандаж мэдүүлэх эрхтэй.  Шүүхэд мэдүүлэх эрхийг илэрхийлэх хэлбэр бол нэхэмжлэл болно.

Нэхэмжлэл бол материаллаг эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн зөрчил буюу субъектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлага юм.

Нэхэмжлэл нь ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагчийн овог нэр, хаяг, нэхэмжлэл бусад маргаан байгаа зүйлийн утга, нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлага юу болох, уг шаардлагыг нотлох, нотолгооны төрөл хэлбэр, шинжийг агуулсан байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангаагүй бол хэргийн ба шүүхийн харьяалал зөрчих, шүүхийн ажлыг хүндрүүлэх эцсийн бүлэгт нэхэмжлэгч өөрөө болон хэргийн бусад оролцогчдыг хохирооход хүргэнэ.

Нэхэмжлэл нь:

-       Эд хөрөнгийн эрхийг сэргээх

-       Өмчлөх эрх

-       Эзэмших эрх зөвшөөрүүлэх гэсэн гурван төрөлтэй байна.

Эд хөрөнгө өсчлөгчийн санаа зоригоос үл хамааран бусдын хууль бус эзэмшилд орсон тохиолдолд гаргах нэхэмжлэлийг эд хөрөнгийн нэхэмжлэл гэнэ.

Эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд ороогүй боловч өмчлөгч буюу эзэмшигч уг эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон тохиолдолд эрх сэргээх нэхэмжлэл гаргана.

     Эд хөрөнгө өмчлөх буюу эзэмших эрхээ шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргах, үүнийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гэнэ.

     Бизнесменүүд иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа бол гаргасан нэхэмжлэлээ хангуулахаар шаардах, нэхэмжлэлээсээ татгалзах, шаардлагатай бол шинжээч томилуулах, шүүхийн шийдвэр гартал хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргах, шүүгч бусад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, шүүхийн шийдвэрт давж заалдах гэх мэт эрхтэй.

Хэрэв хариуцагчаар оролцож байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргах, эсхүл дэмжих, болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад эрх үүрэг эдэлнэ.

3.    Арбитр бизнесменүүдийн эрхийг хамгаалах: Гадаад худалдааны арбитр нь гадаад эдийн засгийн хэлцэл, эд хөрөнгийн шинжтэй харилцаанаас үүссэн эрх зүйн маргаантай холбогдуулан ашиг сонирхолоо хамгаалж иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэдэг.

Арбитр нь нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн үйл ажиллагаатай адил боловч ялгаатй байна.

Арбитрын хянан шийдвэрлэх хэргүүд нь:

1.    Нэг талаас монгол улсын иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас гадаад улсын иргэн хуулийн этгээдийн хооронд гадаад эдийн засгийн гэрээ, хэлцлээс үүссэн болон мөнхүү гэрээний өмнөх маргаан

2.    Монгол улсад ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн дотоодын болон гадаадын үүсгэн байгуулагчдын хооронд үүссэн маргаан

3.    Гадаадын хуулийн этгээдийн хоорондын маргаан.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, хоёр арбитрч хуралдаж даргалах гурав дахь арбитрчийг томилно. Хэрэв талууд арбитраа томилоогүй бол арбитрийн дарга тушаал гаргаж томилно.

Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байна.

4. Бизнесменүүдийн эрхийг хууль зүйн зөвлөгөөний аргаар хамгаалах: Бизнес эрхлэгчид хуулийн зөвлөгөөг:

А. Аж ахуй нэгжүүд өөрийн орон тоо, төсөвтөө багтаан хуулийн зөвлөгч бусад хуулийн хэлтэст, тасаг бий болгож ажиллуулах.

Б. Өмгөөлөгч бусад хууль зүйн товчоотой гэрээ байгуулж хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах.

В. Зөрчигдсөн болон маргаж байгаа эрхээ шүүх, арбитрт хандаж шийдвэрлүүлэх үед өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах гэсэн гурван хэлбэртэй байна.

Эдгээр хэлбэрийн эхний хоёр нь бизнесмен аж ахуй эрхлэх явцад эрх зүйн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гурав дахь нь нэгэнт бий болж зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах агуулгатай байна. Хуулийн зөвлөгөө, туслалцааг ямар хэлбэрээр зохион байгуулж авахаа бизнесмен өөрөө шийдвэрлэх эрхтэй.   

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 45 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax