хууль бол шударга ёс

2012-06-05 - Олон улсын хувийн иргэний процесс

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ПРОЦЕСС

Олон улсын шинжтэй иргэний ба худалдааны эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх эрх зүйг тодорхойлоохын өмнө тухайн хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх эрх хэмжээ бүхий үндэсний шүүхийг тогтоох ёстой.

Энэхүү шүүх нь өөрийн үндэсний эрх зүйн үндсэн дээр хэрэглэгдэх эрх зүйг тодорхойлно.

ОУ-ын иргэний процесст дараах олон улсын шинжтэй эрх зүйн асуудал хамаарна.

1.    Иргэний шүүхийн харьяалал (jurisdiction) ба тухайн улсын шүүхийн бүрэн эрхийг тодорхойлох.

2.    Гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаад улсын иргэний процессийн эрх зүйн байдал.

3.    Гадаадад баримт бичиг гардуулах, нотлох баримт цуглуулах, гадаадын шүүхэд даалгавар өгөх.

4.    Хэрэглэгдэх ёстой гадаадын хуулийн агуулгыг тогтоох, хэрэглэх.

5.    Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, түүнчлэн иргэдийн хувийн статусийн талаарх гадаад улсын эрх зүйн актыг хүлээн зөвшөөрөх.

Олон улсын иргэний процессийн эх сурвалж:

Олон улсын иргэний процеесийн эх сурвалжийг олон улсын эрх зүйн баримт бичиг болон үндэсний хууль тогтоомжид тусгагдсан хэм хэмжээнүүд бүрдүүлнэ.

-       Олон улсын гэрээ ба олон улсын заншлын хэм хэмжээ

-       Үндэсний хууль тогтоомж

-       Шүүх ба хууль хэрэглэх бусад байгууллагын практик эх сурвалжаар хэрэглэгдэнэ.

Аливаа улс зөвхөн өөрийн нутаг дэвсгэр дээр шүүх эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Улсын бүрэн эрхт ба төрийн дархан эрх нь аливаа улсын шүүх эрх мэдлийг хязгаарлах нэг үндэслэл юм. Төрийн дархан эрхийн дараахь төрөл тухайн улсын шүүх эрх мэдэл байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой.

Ш  Зөвхөн өөрийн нутаг дэвсгэр дээр хууль тогтоох, гадаад улсын хуульд үл захирагдах. Аливаа улс бусад улсын хуульд захирагдах ёсгүй. Аль нэг улс нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх хариуцлагыг өөрийн улсын хуулийн дагуу хүлээнэ.

Ш  Гадаад улсын шүүхэд үл дуудагдах. Ямар ч улс өөрийнхөө шүүхийн өмнө өөр улсыг дуудаж хэрэг хүлээлгэх эрхгүй.

Ш  Өөр улсын эсрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааүл явуулах. Ямар ч улс өөр улсын эсрэг хүч хэрэглэх үйл ажиллагаа явуулахгүй байх.

Хэргийн харьяаллыг тогтоох үндсэн гурван аргыг улсууд ашигладаг. Үүнд:

Ш  Ердийн харьяалал: Хариуцагчийн оршин байгаа улсын шүүх тухайн хэргийг харьяалан шийдвэрлэх эрх хэмжээтэй байх арга нэлээд түгээмэл. Үүнд хуулийн этгээдийн оршин байгаа газрыг түүний удирдлага нь байгаа улсаар тогтоох журамтай.

Ш  Тусгай харьяалал: Зарим хэргийн хувьд ердийн харьяалалаас гадна өөр сонголтот журам ашиглаж харьяалал тогтоохыг зөвшөөрдөг. Жишээ нь: гэрээ, гэм хор учруулсанаас үүсэх үүрэг, гэр бүлийн харилцаа, өв залгамжлалтай холбогдсон зарим хэргийн хувьд тусгай шалгуураар шүүхийн харьяаллыг тогтоож болохоор шүүх эрх мэдэл ба шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай 1968 оны Брюсселийн конвенц, манай ИХШХШТХуульд тусгасан байна.

Ш  Онцгой харьяалал: Тухайн улсын шүүхээр хянан шийдвэрлэвэл зохих хэргийн харьяаллыг онцгой харьяалал гэх ба энэ харьяаллыг зөрчсөн өөр улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрхөөс татгалзах үр дагвартай. Хэрэв хоёр улсын онцгой харьяалал давхцсан тохиолдолд эхэлж хэрэг үүсгэсэн шүүх эрх хэмжээтэй байхыг Брюсселийн конвенциор зөвшөөрсөн байна.

ОУИП-т хэргийг шийдвэрлэхэд зохимжгүй газар гэсэн нэр томъёог хэрэглэдэг.

Энэ нь америкийн эрх зүйгээс гаралтай уг үзэл бодлын дагуу шүүх тодорхой шалтгааны улмаас ялангуяа уг хэргийг зүй зохистой шийдвэрлэх нөхцөл боломж бүрдээгүй гэдэг шалтгаанаар өөрийн харьяаллын хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болно.

Монгол Улс өөрийн шүүхийн хэрэг харьяалах эрх хэмжээг ИХШХШТХуулийн 7-р хэсэгт буюу 189-192 дугаар зүйлүүдэд тодорхойлсон байдаг.

Ш  Ердийн харьяалал 189.2.1-д

Ш  Тусгай харьяалал 189.2.3, 189.2.7, 191, 192 дугаар зүйлд

Ш  Онцгой харьяалал 190 дүгээр зүйлд тус тус тусгагдсан.

ИХШХШТХуулийн 18.1-д нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчлөн тохиролцохыг зөвшөөрсөн. Гэхдээ энэ заалт нь олон улсын шинжтэй хэргийг харьяалах үндэсний шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй.

Олон улсын иргэний процесс дэх гадаадын этгээдийн эрх зүйн байдал:

А. Үндэсний ба нэн тааламжтай үндэсний дэглэм

Улс орнууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч гадаадын этгээдэд эрх зүйн дараах дэглэмийн аль нэгийг олгодог.

Ш  Үндэсний буюу дотоодын иргэдийн нэгэн адил дэглэм.

Ш  Нэн тааламжтай буюу аливаа бусад улсын иргэдэд олгодгоос дутуугүй тааламжтай дэглэм.

ИХШХШТХуулийн 189 дүгээр зүйлд үндэсний дэглэмийг илүү тод заажээ.

Гадаад улсын этгээд иргэний хэргийн талаар Монгол улсын шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахад тухайлбал барьцаа мөнгө төлөх, монгол хэлтэй хүнээр төлөөлүүлэх зэрэг ямарваа нэгэн хязгаарлалт байхгүй.

Б. Гадаадын этгээдийн иргэний процессийн эрх зүйн чадвар чадамж

Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, гадаадын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар, чадамжийг тэдгээрийн хувийн хууль эсхүл монгол улсын хуулиар тодорхойлох тухай зохицуулалтыг Иргэний хуулийн 543 ба 544 дүгээр зүйлд тусгасан.

В.Гадаад улсын эрх зүйн байдал

Аливаа улс нь бүрэн эрхт этгээдийн хувьд төрийн дархан эрх ба түүний гадаад улс дахь төлөөлөгчийн газар, төлөөлөгч нь дипломат эрх дарх эдэлнэ. Энэ нь гадаад улс, түүний төлөөний этгээдэд холбогдох иргэний хэргийг үндэсний шүүхэд хянан шийдвэрлэхэд саад, хязгаарлалтыг бий болгоно.

Гадаад улсын тодорхой байгууллага, хүн хэдийгээр нэг улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа боловч тухайн улсын үндэсний шүүх эрх мэдлээс ангид байх тохиолдолд бий. Эдгээр байгууллага, хүний дархан эрх, эрх дархыг 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц, 1963 оны Консулын харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээгээр зохицуулсан байдаг.

Гадаад улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх

Монгол Улсын ИХШХШТХуулийн 194 дүгээр зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг Монгол улсын үндэсний хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлно гэж заажээ.

Олон улсын гэрээний хувьд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд юуны өмнө хамаарна.

Гадаадын шүүхийн шийдвэр нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр зарим тохиолдолд тухайн улсын харьяат иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэгт нөлөө үзүүлэхээр бол түүнийг хүлээн зөвшөөрөх асуудал хөндөгдөнө. Ийм үед хүлээн зөвшөөрөх урьдчилсан нөхцлүүд биелэсэн бол ямарч тусгай шийдвэргүйгээр хүлээн зөвшөөрөлт бий болно.

Ийм хүлээн зөвшөөрөлт ялангуяа гэр бүлийн харилцаанд их хөндөгдөнө. Тухайлбал: гэрлэлтийг хүлээн  зөвшөөрсөн, гэрлэлт цуцалсан, асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилсон талаарх гадаад улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд тусгайлан ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй байдаг.

Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхдөө дотоодын шүүх дараахь асуудлыг шалгах бүрэн эрхтэй байдаг. Үүнд:

Ш  Шийдвэр гаргасан шүүх хэрэг харьяалах эрх мэдлээ хэтрүүлээгүй байх

Ш  Хүлээн зөвшөөрөх эрх мэдэл ба шаардлага байгаа эсэх

Ш  Гадаадын шүүх зохигчдын процессийн эрхийг хангасан эсэх

Ш  Эсрэг утгатай шийдвэрүүд зэрэг байгаа тохиолдолд зохицуулах

Ш  Процессийн ба материаллаг эрх зүйн ordre public заалтыг харгалзах

Ш  Харилцан адил байх зарчим мөрдөгдөж буйг шалгах.

Харин тухайн улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шаардлагатай бол эхлээд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх шаардлага үүснэ. Зарим улсад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуудас бичсэн нь уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсний нотолгоо болно.

Монгол улсын хувьд ийм аргыг хэрэглэхээр хуулийн зохицуулалт бий болжээ. Мөн гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тухай тусгай шийдвэр гаргах явдал бий. Энэхүү тусгай шийдвэрийг гаргахдаа гадаадын шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд зөв гарсан эсэхийг хянах эсхүл зөвхөн хэлбэрийн хувьд хянах эсхүл зөвхөн тусгай бүртгэлд бүртгэх зорилгоор авч үзэх аргуудыг зарим улс ашигладаг.

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 35 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax