хууль бол шударга ёс

2012-06-06 - Оюутанд өгөх мэдээлэл

Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийн нээлттэй хэлэлцүүлэг

Мэдээлэл бүртгэсэн: ganzorig огноо: 2011-06-23

 http://www.president.mn/mongolian/sites/default/files/files/photos/2011-06-20shuuh_big.jpg?1308551458

Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл


/Аудио бичлэгээс буулгав/

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

2.   ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

3.   ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

4.   ШҮҮХИЙН иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай

5.   ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ

 

П.Цагаан – Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Та  бүхний энэ өдрийн Амар амгаланг айлтгая

Сүүлийн жилүүдэд , саруудад  бид шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээнд ярьсан /дөө/. Оргил нь Ерөнхийлөгчийн санаачилгаар болсон. шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёсны асуудлаар болсон  үндэсний чуулган байсан. Энэ чуулганы үеэр гарсан үнэтэй олон санал зөвлөмж, илтгэл , хэлэлцүүлэг, 15 салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг судлаад, өмнө боловсруулагдсан байсан хуулийн төслүүдэд тусгах зорилгоор МУ-ын Ерөнхийлөгч захирамж гаргаад ҮХ-ийн Цэцийн гишүүд, хуульчид, их дээд сургуулиудын багш, олон улсын байгууллагын өргөн төлөөллийг хамарсан ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан. АХ шаргуу ажилласны үр дүнд шүүхийн тогтолцоог шинэчлэх, бие даасан хараат бус байдлыг хангах, шударгаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоог бий болгохтой холбоотой шүүхийн шинэчлэлийн багц хуулиудын төслийг боловсруулж, бэлэн болгоод өнөөдөр хэлэлцүүлэх гэж байна. Энд бол  Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрхзүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хууль гэсэн хуулиуд байгаа. Эдгээр багц хуулиудын гол зорилго бол шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн ил тод байдал нээлттэй ил байдлыг хангах шүүгчийн ачааллыг зохистой байлгах, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн захиргааг бэхжүүлэх, улмаар шударга шүүгчээр хэрэг маргаанаа шийдүүлэх, хуулийн өмнө эрх тэгш байх тухай үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой хуулийн төслүүд гэж үзэж байгаа. Шүүхийн тухай хуульд бол, шүүхийн  тогтолцоо зохион байгуулалтыг үндсэн хуулийг хүрээнд шинэчлэх, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангах тэр зориулалтыг тусгасан. Дараа нь шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл нь бол,  анх шүүхийн Ерөнхий зөвлөлийн тухай хууль гэж явж байсан, явцын дунд шүүхийн захиргааны тухай хууль болсон. Энд,   шүүхийн бие даасан байдал, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангахад нэн чухал үүрэгтэй зохицуулалтыг бүрдүүлэхийг хичээсэн. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд бол шүүгчийг сонгон шалгаруулах, томилох эрхзүйн үндсийг тодорхойлон, шүүгчийн хараат бус байдлын баталгааг хангах зорилго тавьж ажилласан. Дараагийн хууль болох Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн төслийн тухайд шүүхийн шударга хараат бус ажиллах үндэс болсон нээлттэй ажиллах, мөн Үндсэн хуулинд заасан иргэдийн төлөөлөгчдийн эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулахыг оролдсон.

Дэлхий нийтийн чиг хандлага туршлагыг харгалзан үзэж Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийг шинээр боловсруулсан. Мөн шүүгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын тухай харилцааг зохицуулсан Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловруулсан байгаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэг ажил хэрэгч болох байх гэж бодож байгаа. Бид өмнө нь шүүхийн шинэтгэл хэрэгтэй хэрэггүй тухай, яаж хийх тухай их олон ярьсан учраас, өнөөдөр энэ олон удаа хэлэлцэгдсэн, шүүгдсэн энэ хуулийн төслийн талаар, мэргэжлийн боловсорсон ажил хэрэгч хүмүүс ажил хэрэгч байдлаар ярих байх гэж бодож байгаа.

Ингээд энэ хуулийн төслүүдийн талаар одоо танилцуулья. Эдгээр төслүүд манай Ерөнхийлөгчийн вэб сайтан дээр байршсан байгаа. Эндээс гарсан саналуудыг нэгтгээд, УИХ-ын чуулган завсарлахаас өмнө өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг сонордуулья. Ингээд Баярцэцэг:

Ж. Баярцэцэг - Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан  туслах

Та бүхний гар дээр бүрэн эхээрээ байгаа тул зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийн талаар товч мэдээлэхийг зорьж байна. Энэ багц хуулийн төслийг боловрсуулахдаа шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан байгаа. Энэ шинэчлэлийг дараах үндсэн дөрвөн гол тулгуур асуудлын хүрээнд авч үзэж байгаа. Энэ маань зөвхөн манай улс орны хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй төдийгүй, бусад улс орнуудад шинэчлэл явуулахдаа дараах үндсэн дөрвөн элемент , тулгуур асуудлуудад суурилдаг юм байна. Үүнээс үндэслээд бид энэ багц хуулиудын төслөө тулгуурлаж боловсруулсан.

Эхний гол асуудал бол шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалтын асуудлууд байгаа. Хоёрдугаарт шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийг зохицуулахыг оролдсон. Гуравдугаарт шүүхийн ил тод байдал, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулахыг оролдсон. Дөрөвдүгээрт шүүхийн үр дүнтэй , хурдан шуурхай, чирэгдэлгүй ажиллах нөхцөлийг бий болгохтой холбоотой асуудлыг багц хуулиудын төслөөр зохицуулахыг оролдсон.

Түрүүн Цагаан зөвлөх дурдсан , өнөөдрийн хэлэлцүүлгээр хийх гол асуудал бол шүүхтэй холбоотой 5 гол хуулийн төсөл байгаа.

Шүүхийн тухай , Шүүхийн захиргааны тухай , Шүүгчийн эрхзүйн байдлын тухай , Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тухай , Эвлэрүүлэн зуучлах тухай гэсэн таван хуулийн төслийг бид өнөөдөр хэлэлцүүлнэ. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийг бид дараа тусдааа хэлэлцүүлэх болно.

Эдгээр хуулийн төслүүд цоо шинээр гаргаж байгаа төслүүд.  Өөрөөр хэлбэл аливаа хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга биш. Бид эдгээр хуулийг боловсруулахдаа Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд, өнөөг хүртэл хэрэгжиж ирээгүй заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ийм хуулийн төсөл болсон гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Эхний хууль, Шүүхийн тухай хууль. Одоогийн үйлчилж байгаа шүүхийн харилцааг зохицуулж байгаа ганц хууль маань Шүүхийн тухай хууль байгаа. Шүүхийн тухай одоогийн үйлчилж байгаа хууль Нэлээн олон хүрээнд үйлчилж байгаа боловч, цомхон хууль байсан. Энийг бид зохицуулж байгаа харилцаагаар нь бараг тав хуваачаад байгаа. Одоо энэ манай шинээр боловсруулж байгаа Шүүхийн тухай хууль маань, тогтолцоо зохион байгуулалттай. Шүүхийн бие даасан байдлын баталгааг хангахтай холбоотой байдлыг зохицуулах хууль байгаа. Шүүхийн үйл ажиллагааны зарчмыг нэлээн сайн оруулсан. Шинээр, мэтгэлцэх зарчмыг оруулсан. Суурь зарчимын нь оруулсан. Яг шүүх хуралдаанд баримтлах мэтгэлцэх зарчим гэдэг үүднээс.

Дараагийн нэг онцлог бөгөөд шинэ бол шүүхийн ил тод нээлттэй байх зарчим гэдгийг нэлээн сайн оруулсан. Одоогийн үйлчилж байгаа зарчмаар шүүх үйл ажиллагааг нээлттэй явагддаг. Нөхцөл шаардлагыг хангасан танхимын стандарт гаргах, зохион байгуулахыг ШЕЗ өөс хариуцахаар оруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчийн асуудал шинээр орсон байгаа. Шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэгийн архив бүрдүүлэх асуудал оруулж байгаа.Ил тод байх үүднээс.

Мөн түүнчлэн , одоо нэлээн хийгдэж байгаа санаачилгын нэг бол шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэрээ тавьж ирж байгаа. энэ бол шүүхийн ил тод байдлыг хангах эхлэл болгож бид  нэлээн дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа.

Энэ хуулинд оруулж өгсөн нэг зохицуулалт бол Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн асуудал байгаа. Энд одоогийн үйлчилж байгаа хуулиас нэлээн зарчмын өөрчлөлт орсон байгаа. ерөнхий шүүгч мэргэжлийн удирдлагаар хангадаг тэр үүргийг нэлээн хязгаарлаж өгсөн байгаа. Энэ юунаас болж байна гэхээр өмнөх хэлэлцүүлэг болон үндэсний чуулганаас гарсан санал зөвлөмж дээр энэ асуудал нэлээн яригдсан. Шүүх босоо, төвлөрсөн удирдлагатай болж байгаагийн учир нь ерөнхий шүүгч мэргэжлийн удирдлагаар хангаж байгаагаас болж байна гэсэн санал шүүмж гарсны үндсэн дээр бид энийг ингэж хязгаарлаж оруулсан байгаа. Ялангуяа хэрэг хуваарилах гэх мэт, мэргэжлийн удирдлагаар шат шатны шүүхэд санал зөвлөмж өгөх сургалт явуулах гэх мэтийг хязгаарлаж явуулсан байгаа. 

Дараагийн шинэ зохицуулалт бол шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх маань, нутаг дэвсгэрийн хэмжээ хүн амын тоо шийдсэн хэрэг маргааны тоог харгалзан, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалан байгуулахаар оруулсан байгаа. Шүүхийг тойргийн журмаар байгуулах гэдэг энэ зүйлийг шинээр оруулж өгсөн. Энэ нь ямар үр дагавартай  гэхээр, хэд хэдэн шүүх нэгдэх, эсвэл дүүргийн шүүх хэд хэдэн шүүхэд хуваагдах үр дагавар бий болгож байгаа. захиргааны шүүх одооны хэвээр байна. Энэ шинэ тогтолцооны зорилго, шүүхийн зохистой ачааг бий болгох. Хөдөө орон нутгийн болон дүүрэг нийслэлийн шүүхийн ачаалал харилцан адилгүй байдаг. Энэ харьцааг зохистой байлгах үүднээс тойргийн зармыг шинээр оруулж байгаа. Хоёрдугаарт, засаг захиргааны нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Тухайн аймаг дүүргийн засаг даргын нөлөө их байдаг гэсэн шүүмж их байдаг учраас ингэж оруулж ирж байгаа.

Түүхийн тогтолцоотой холбоотой, дагнасан шүүхийн асуудал байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийг шүүн таслах төрлөөс хамаараад дагнасан байдлаар байгуулах байгаа. Тэгэхээр, энэ давж заалдах шатны шүүх нь аймаг болон дүүргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэж шинээр байгуулагдаж байна. Захиргааны хэргийн шүүх хэвээрээ. Анхан шатны шүүх хэвээрээ. Гэхдээ сум дундын шүүх дагнасан байдлаар байгуулагдахгүй ийм байдлаар оруулж байна.

Мөн түүнчлэн дагнасан байхаас гадна төрлөөр, танхимтай байж болохоор оруулж байна. Насанд хүрээгүй хүний, гэр бүл, хөдөлмөрийн маргааны гэх мэт, тухайн тойргийн анхан болон давж заалдах шатны шүүх танхимтай байж болно гэж заасан байгаа.

Энэ бүх өөрчлөлтийн гол зорилго нь шүүх, шүүгчийг мэргэшүүлэх, чанарыг дээшлүүлэх зорилготой. Энэ бол үндсэн хуулин дээр байгаа заалт, гэхдээ өнөөг хүртэл хэрэгжээгүй явж ирсэн. Энэ эрхзүйн орчныг бүрдүүлж байна.

Энэ хуулиар зохицуулж байгаа дараагийн нэг асуудал бол шат шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал байгаа. Тухайлбал Улсын дээд шүүхийн өнөөгийн бүрэн эрх ер нь хэвээрээ байгаа. Гэхдээ энэ дээр өнөөгийн хууль эрхзүйн орчинд байгаа заалтыг нэлээн тодотгож оруулсан нь тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэсэн талаар хуулийг зөв хэрэглэсэн талаар тайлбар гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн хэрэг маргаан дээр тайлбар гаргах гэж байгаа. Хяналтын шатны журмаар шийдвэрлэх асуудал хэвээрээ. Гэхдээ улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар шийдэх гэдэг тэр шатыг байхгүйгээр хийж байгаа.

Бүрэлдэхүүний хувьд өнөөдрийн бүрэлдэхүүн хэвээрээ байгаа. 16-аас доошгүй гэж оруулсан байгаа. УДШ бол одоогийнх шигээ эрүү, иргэн, захиргааны дагнасан танхимтай байна. Гэхдээ шүүгч, танхим хооронд шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглож байгаа. Энэ нь шүүгч мэргэшсэн байх зарчмын үүднээс хийж байгаа. Ингээд 16 маань 5 5аар ороод ирэхээр заримдаа бүрэлдэхүүнгүй болох тохиолдол болж болзошгүй гэсэн тул ийм тоо тавьсан. Гэхдээ хязгааргүй өснө гэсэн үг биш. Бүрэлдэхүүнийг хангах үүднээс тодорхой тоо тавьсан.

УДШ ийн хувьд мэргэжлийн удирдлагын болон захиргааны удирдлагын хэмжээг нэлээн хязгаарласан байгаа. Дотоод бие даасан байдлыг хангах зорилгоор.

Шүүгчдийн зөвлөгөөнийг үлдээсэн байгаа. чиг үүргийн хувьд шүүхийн дотоод зохион байгуулалт, хэрэг хуваарилах, нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй ийм зөвлөгөөн байгаа. шүүгчдийн зөвлөгөөнийг үлдээсэн нь шүүхийн дотоод ардчиллын зарчмыг хадгалах үүднээс үлдээсэн байгаа.

Хамгийн сүүлийн том бүлэг бол шүүхийн бие даасан байдлыг хангах баталгаатай холбоотой заалт байгаа. Дөрвөн гол, Эдийн засгийн баталгаа, улстөрийн баталгаа, аюулгүй байдлын баталгаа, зохион байгуулалтын баталгаа гээд нэлээн дэлгэрэнгүй гаргаж өгсөн байгаа. цохон дурдах эдийн засгийн баталгааны хувьд төсвийн хувьд , ШЕЗ -өөс төвсөө шууд УИХ- д өргөн мэдүүлэх заалт орсон байгаа. Гүйцэтгэх засаглалаас төсвөө оруулдаг байдлыг болих зорилгоор. Урсгал зардлын төсвөөс хасахгүй байх гэх мэт заалт байгаа.

Улсын төсвийн тодорхой хувийг заах уу үгүй юу гэдэг асуулт байдаг. Ажлын хэсэг дээр энэ тухай яриад, зарчмын гол баталгаануудыг оруулж өгөх юм бол, нэгэнт ШЕЗ оруулж байхад УИХ үндэслэлгүйгээр хасахгүй учраас заавал хувь заах албагүй гэж ярилцсан.

Зохицуулалтын нэг шинэ хэсэг бол шүүхийн шийдвэрийн боловсруулалтай холбоотой асуудал байгаа. Шийдвэрийн хуульзүйн үндэслэлийн тогтоох эсэх тухай стандарт орсон байгаа. Үүнийг ШЕЗ-өөс тодорхой журам батлуулах асуудал байгаа.

Тухайн хэргийн асуудлаар шүүхийн хуралд оролцсон, тусгай хэргийн шүүгчийн саналыг тусгуулах асуудал байгаа. Шийдвэртэй хамт нээлттэй байх зарчмын шинэ зохицуулалт оруулсан.

Ер нь шийдвэр заавал цахим хуудсан дээр байрлуулах нь үүрэг байдлаар өгөгдөхөөр орсон байгаа.

Шүүхийн захиргааны тухай хуулийн талаар: анх бол шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль байсан, шүүхийн ажилтны эрхзүйн байдлын тухай гэж байсан. Энэ 2-ийг харж байхад шүүхийн захиргаа, түүний байгууллагын хэм хэмжээг зохицуулалттай холбоотой асуудал харагдаж байсан учраас нэгтгээд 2 хуулиа оруулсан. Зөвхөн ерөнхий зөвлөлийн бүтэц чиг үүргээс гадна захиргаатай холбоотой олон зүйл байсан учраас бид нэлээн өргөн нэр өгсөн байгаа. Гол нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий ШЕЗ, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг тодорхойлох ийм хууль байгаа.

Бид ШЕЗ ийг шүүхийн захиргааны төв байгууллага гэдгээр оруулсан байгаа. Чиг үүргийн хувьд үндсэн хуулинд заасан, дээр нь шүүхийн захиргааны чиг үүрэг байгаа. Бүтцийн хувьд орон тооны гишүүнтэй, байнгын ажиллагаатай байхаар оруулж байна. Одоогийн шиг орон тооны бус нэг ирж, хуралд оролцож явах нь тухайн шүүх эрх мэдлийн чухал салшгүй хэсэг болсон өдөр тутмын үйл ажиллагааг хангахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзсэн.

5 гишүүнтэй байхаар, 3 жил , улиран томилогдох бололцоотой байхаар оруулсан. Тавигдах шаардлага, бүрэн эрх, даргынх нь бүрэн эрх зэргийг маш дэлгэрэнгүй оруулсан.

Гол үндсэн зохицуулалт бол шүүхийн захиргааны асуудал байгаа. Ер нь шүүхийн мэргэшсэн захиргаа гэдгийг шинэ шатанд гаргая, ингэж байж шүүн таслах ажиллагаа чанартай, үр нөлөөтэй явна. Шүүгч дангаараа чадвартай, чанартай сайн байгаад дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй, хязгаарлагдмал. Гол тулгуур нь бол захиргаа юм, энэ ч үүднээс ШЕЗ-ийн статусыг энэ тал руу түлхүү оруулсан, шинээр чиг үүргий нь тодорхойлсон байгаам аа.

Хэргийн менежмент, шүүхийн хүний нөөц, мэдээллээр олон нийтийг хангах гэх мэт чиг үүрэг орсон байгаа. Шүүхийн захиргаа гэдэг бол ерөнхийдөө ШЕЗ бөгөөд шүүхийн Тамгын газар байгаа. Бүх шүүхэд шүүхийн ТГ байхаар оруулж байна. Тусдаа төсөв, тусдаа удирдлагатай байхаар оруулсан байгаа. Энэ хуулинд тамгын газрын даргын чиг үүргийг оруулж өгсөн байгаа.

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн шүүхийн захиргааны ажилтнуудын эрхзүйн байдлыг тодорхойлж оруулсан бүлэг байгаа. Мөн түүнчлэн энэ хүмүүсийн ёс зүйн асуудлыг хуульчилж оруулсан байгаа. Шүүгчид маш нарийн шаардлага тавьж байгаа. Яг шүүгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд тусалдаг хүмүүст мөн тийм хэмжээний шаардлага тавихгүй бол шүүхийн үйл ажиллагаа чанартай болохгүйм аа гэсэн ийм үүднээс оруулсан байгаа.

Шүүхийн мэргэжлийн хороо байна. Өнөөгийн хуулиар ажиллаж байгаа бүтэц ерөнхийдөө хэвээрээ байхаар оруулсан байгаа. Одоо ажиллаж байгаа 5 орон тоо 3 жилийн хугацаатай, эрдэмтэд багш нар байгаа. Шүүгчид нэр дэвшигчдээс хуульд заасан шалгуурт тэнцэж байгаа эсэхийг дүгнэх байгаа. Үнэлгээ дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллага байх юм. мэргэжлийн хороо шалгалт авдаг. Тэхээр манай энэ хуулийн зохицуулалтаар бол шалгалт авч биш, шүүгчийн шалгууртай холбоотой үнэлсэн дүгнэлт гаргах байдлаар оруулсан байгаа. Тавигдах шаардлага, хориглох зүйлийг оруулсан байгаа.

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль. Шүүгчид тавигдах шаардлага, бүрэн эрх үүсэх ба дуусгавар болох үндэслэл орсон байгаа. Шүүгчид тавигдах шаардлага нэлээн дэлгэрэнгүй орсон байгаа. Шаардлагыг үнэлэх асуудлыг шүүхийн мэргэжлийн хороо гаргана. Давж заалдах шатны болон УДШ ийн шүүгчид тавигдах шаардлага тусдаа.

Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг оруулсан байгаа. ШЕЗ бол бүртгэнэ, мэргэжлийн хороо бол дүгнэнэ. Хуульчдын эрхзүйн байдлын тухай хуулиар хуульчийн танхим гэж шинээр орж ирж байгаа.

Энэ танхим тухайн нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргаж өгнө. Энэ дүгнэлтийг харгалзаад 2 нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч хэрвээ татгалзвал дараагийн нэр дэвшигчийг өргөн мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, жагсаалтад байгаа дараагийн хүний нэрийг өргөн мэдүүлнэ.

Шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарыг 65 гэсэн байгаа. Гэхдээ шүүгч өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно гэсэн байгаа.

Шүүгчийн хараат бус байдал түүнийг хангах баталгаа гэж дэлгэрэнгүй заалт орсон байгаа. хөндлөнгөөс оролцох, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэхийг хориглох гэх мэт. Эдийн засгийн хангамжтай холбоотой заалт байгаа. Цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой зохицуулалт байгаа. Баталгааны зарчим байгаа. Бид тодорхой тоо оруулаагүй. Нэгэнт ШЕЗ өөс төсөв хийх учраас энэ дээр цалинг оруулах нь зохистой, хуулиар заах нь тохиромжгүй гэх үүднээс тоо тавьсангүй. Гэхдээ нэмэгдэл орууллаа, шүүгчээр ажилласан 5 дахь жилээс нэг хувиар нэмэгдэх, ачааллын гэх мэт хувь хэмжээ байгаа. Амь нас эрүүл мэндтэй холбоотой даатгалын дэлгэрэнгүй заалт орсон байгаа.

Энэ хуулийн бас нэг зохицуулалт бол нөлөөллийн мэдүүлэг гэж заалт орж ирсэн. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хангах үүднээс,  аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хэрэг хянан шийдэх явцад тухайн шүүхэд аливаа хэлбэрээр нөлөөлөх гэж оролдсон бол хавтаст хэрэгт бүртгэх байгаа. Ийм үйлдэл гарах завдсан бол холбогдох газар шалгуулж байх ийм зохицуулалт орсон байгаа._

Шүүгчийн хариуцлагын тухай асуудал байгаа. Шүүхийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гэж орсон байгаа. Нэлээн хатуу хариуцлага байгаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хууль, үндсэн хуулинд байгаа. Шүүх маргааныг хамтран шийдэхдээ иргэний төлөөлөгчийг оролцуулна гэсэн 52-р заалт байгаа. эрх хэмжээ, мэдээллээр хангах, томилох асуудлыг оруулсан байгаа. Бид нэлээн өргөн хүрээнд харж байгаа. Иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдүүлэх, иргэдийн ухамсар нэмэгдүүлэх , ҮХ ийн заалтыг хэрэгжүүлэх чухал хууль гэж үзэж байгаа. Үндсэн хуульд зааснаар , анхан шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны журмаар оролцоно. 3 бүрэлдэхүүн байна. Дутуу бол хурал хойшлох үндэс болно. Одоогийн хуулиар энэ заалтууд байгаад байгаа. Иргэний Төлөөлөгч /ИТ/-ийн бүрэн эрх байгаа, хавтаст хэрэгтэй танилцах гэх мэт байгаа.  Энэ заалтууд маань Тус тусын процесс хуулин дээр байгаа. ИТ бол хөлс авна , шүүхийн төсвөөс авна. Энэ бол одоо үйлчилж байгаа.

ИТ –д тавих шаардлага бол эрхзүйн бүрэн чадамжтай 25 нас хүрсэн байна. Тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, ял шийтгүүлээгүй байх, хэргийн оролцогчоор татагдаагүй байх. Сүүлийн 2 жил ИТ өөр оролцоогүй байх гэсэн шаардлага байгаа. ННФ оос хийсэн мониторингоор, одоо ИТ өөр байнга оролцдог хэдэн хүн байдаг. Энэ нь процесс тодорхой бусаас болжээ гэсэн дүгнэлтээс үүдээд, аль болох өргөн оруулах төлөөллийг өргөжүүлэх үүдээс 2 жилийн хязгаар тавьсан байгаа. Солонгост бол 7 жил байгаа. Бид нар ярилцаад сумын түвшинд хүн ам бага гээд 2 гэсэн байгаа.

ИТ-өөр тодорхой албан тушаалтныг томилохыг хязгаарлаж байгаа. Статусаар нөлөөлж болохуйц албан тушаал байгаа. ИТ-ийг сонгох процессыг нэлээн дэлгэрэнгүй оруулсан . 7 хоног тутам 10-15 хүний нэрийн дэд жагсаалт оруулна. Шүүхийн тамгын газар ажил олгогчид мэдэгдэл хүргүүүлэх ёстой. Шүүх хуралдаанд ирээгүй нь хойшлуулах үндэслэл болно.

ИТ-ийн дүгнэлт дээр нэлээн судалгаа хийсэн. ННФ оос хийсэн судалгаа байгаа. ИТ-ийн оролцооны асуудал дэлхий нийтийн асуудал болсон байгаа. Зөвхөн тангарагтны шүүхээс гадна шүүх биш шүүгч гэсэн статусаар явцан байгаа. Холимогт загвар гарч ирж байгаа.тэгээд энэ тогтолцоон дээр суурилах нь зүйтэй юм байна гэдэг үүднээс ИТ-ийн гаргах шийдийг нэлээн тодорхой оруулж өглөө. Ж нь эх газрын системтэй улс орны хувьд ИТ нь шүүн таслах эрхтэй. Тангарагтны шүүх бол зөвхөн гэм буруутайн асуудлаар шийд гаргадаг. Манай хэрэгцээ шаардлагын үүднээс өргөн байдлаар оруулья гэж байгаа. Ял хариуцлагын талаар дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байхаар, ИТ ийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгана, тусгаагүй бол үндэслэлээ оруулахыг заасан. Ингэж байж бүрэн эрх нь хэрэгжинэ. Энийг хэрэгжүүлэх гол эрхзүйн орчин энэ байх бол уу гэдэг байдлаар орууулсан байгаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг нэлээн сайн оруулсан байгаа. Сургалт , гарын авлага, ухуулах гэх мэт шинэлэг үүргийг өгсөн байгаа.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль байгаа. Энэ асуудлыг шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд авч үзэж байгаа. Чуулганаар гарсан гол асуудал бол шүүхийн ачааллын асуудал байсан. Ачааллаас болоод шүүгчийн ажлын чадварт нөлөөлж байгаа. Шүүхийн бус аргаар шийдэх энэ арга бол дэлхий нийтийн хандлага. Энэ асуудал цоо шинэ биш . Эвлэрүүлэн зуучлалын санал санаачилга нэлээн өрнөж байгаа. Нэлээн хэдэн шүүх дээр эхэлцэн. Шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах эрхзүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, оролцогчийн эрх үүргийг тодорхойлох зорилго байгаа. Аж ахуйн болон хөдөлмөрийн гэр бүлийн маргаан дээр хэрэглэн. Гэр бүлийн маргаан дээр заавал хэрэглэнэ. Мөн хөдөлмөрийн маргаан дээр заавал оруулна гэж ажлын хэсэг судалж байгаа. Бага өртгөөр маргаан шийдүүлэх зорилго байгаа.

Эвлэрүүлэн зуучлагч гэж , маргааны талаар шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх, талууд сонгосон, зөвшөөрсөн мэргэшсэн болон мэргэжлийн бус этгээдийг хэлнэ. Мэргэжлийн зөвлөл гэж байгуулагдах байгаа. Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах гэрчилгээ олгож, шүүх дээр байрлаж ажиллах ийм байгаа. Шүүхэд хандах эрхтэй байгаа.

Төрийн бус байгууллага, орон нутгийн хэмжээнд албан бусаар байж болдог юм байна. Шүүх дээр байрлах эвлэрүүлэн зуучлах хэсгийн зохицуулалтыг оруулахыг, зорьвсон. Шүүх дээр маргаантай ирж байгаа талуудыг эвлэрүүлэн зуучлах байдлаар шүүх дээр байрлуулж байгаа. Ингэснээр шүүхээс төсөв гаргах, шүүхээс зохион байгуулалт хийх ийм асуудал байгаа. Шүүхийн төсөв гарах нөхцөлд энэ асуудлыг төсөвт оруулж шийдэх нь чухал байгаа. Дээд боловсролтой гэх мэт шалгуур тавьсан. Сургалтад хамрагдаж, эрхийн гэрчилгээ авсан хүн ажиллана.

Бусад зохицуулалтын хувьд талуудын эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлагчийн бүрэн эрх, мэргэжлийн зөвлөлийн үүрэг гэж байгаа. Өмгөөлөгчийн холбооны дэргэд үү, ТББ байх уу гэдэг олон хувилбар ярьж байгаа. Шүүхийн дэргэд байх нь зөв гэж санал явж байна.

Ингээд таван хуулиа үндсэнд нь танилцууллаа.

П.Цагаан – Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

 Сая хуулиуд хоорондоо уялдаатай тул нэг амьсгаагаар танилцуулав. Одоо дараалалтай явах учраас эхний дарааллаар Шүүхийн тухай хуулиас эхлээд явъя. Мэдээж бусад хуультай холбоотой санал гарах байх.

Хан Уул дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Амартүвшин: Шүүхийн тухай хуулийн 22-ийн 4 дээр эрүү иргэний шүүхийн бүтэцтэй байхаар заасан байна. Үүний хажуугаар захиргааны зөрчлийг хаагуур яаж зохицуулах вэ?

П.Цагаан – Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Чухал асуулт. Бид Их тэнгэрт 3 өдөр ажилласан. Дараа нь 2 удаа хэлэлцүүлэг хийгээд, захиргааны хэрэг маргаан зөрчихтэй холбоотой зохицуулалт өнөөгийн тогтолцоогоор явья гэж байсан.

Ж. Баярцэцэг - Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан  туслах

Сум сум дундын шүүх захиргааны хэргийн шүүхээ эрүүгийн журмаар шийдэж байхаар. Одоогийн байгаа бүтэц тогтолцоог хэвээр авч үлдий гэж байгаа.

Амартүвшин - Иргэн

Захиргааны хэрэг биш, зөрчил асуугаад байна. Давхар иргэний хэргийн анхан шатны шүүхдээ орох юм уу, эрүү юм уу, тусдаа орох юм уу, логик уялдаа холбоо нь алдагдаад байгаам аа . Энийг харж үзээч ээ.

Ж. Баярцэцэг - Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан  туслах

Захиргааны зөрчлийг бид ярьсан. Одоо бол илүү эрүүгийн журмаар авч үздэг гэж ойлгосон. Тэр утгаар эрүүгийн шүүх авч явах юм байна гэж ойлгосон.

Эрдэнэцогт - Их сургуулийн багш Эрдэнэцогт

Тогтолцооны хувьд хуучнаараа гэж байна. Зөрчлийг шийдэх субьект нь засаг дарга, байцаагч гээд 7 байгаа. Тэр 7 субьект тэр эрх нь хэвээрээ байгаа гэж бодож байгаа. Маргаан үүсвэл одоо захиргааны хэргийн шүүх дээр шийдэж байгаа.  Энэ бол шүүхийн практик нь гарч ирэхгүй байгаа. Иргэд тэр бүр улсын байцаагчийн шийдсэнийг бариад шүүхээр явахгүй байгаа. Захиргааны хэргийн шийтгэвэр өөрөө захиргааны акт байгаа. Тиймээс энэ бол захиргааны хэргийн шүүхэд байгаа зүйл. Гэмт хэрэгтэй холбоотой зүйл бол тусдаа.

Баясгалан – ХЗДХ-ийн ТНБД

Мэдээллийн чанартай зүйл хэлэх гэсийм аа. Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулаад дуусч байгаа. Тэнд шүүгч захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй байгаа. Жижиг гэмт хэрэг мөн л дөө. Энэ бол шүүхийн ачааллыг багасгах үүднээс соёлт хүн төрөлхтөн бодоод олцон зүйл байгаа. Хэлэлцүүлгийн явцад ямар болохыг хэлж мэдэхгүй. Тэр талаар гомдол гарвал шүүх хянадаг болохоос өөрөө шууд захиргааны хариуцлага хүлээлгэх юм явахгүй байгаа.

Бэхбат – “Иргэдийн алъяск төв” –ын ажилтан

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан гэж байхгүй болж байгаан байна. УДШ-ийн шийд эцсийнх боловч, шударга ёсны шалгуур гэсэн үг биш. Тэрэнд гомдсон иргэн яах уу? Завханы Эрдэнэ-Очир 2 ч удаа цааз сонссон гэх мэтээр асуудал гарвал яах юм бэ?

П.Цагаан – Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

 Хяналтын шатан дээр эрүү иргэн захиргаа гээд мэргэшсэн танхимын гаргаж байгаа шийд хамгийн үнэн зөв гэсэн ойлголтоор танхимаар дээд шүүхийн тухай ярьж байгаа. Дээд шүүхтэй холбоотой ямар зүйл байна гэхээр, эрх хэмжээн дээр өөрчлөлт гарч байгаа. хуулийг тайлбарлахтай холбоотой. Одоо бол УИХ аас гаргасантай холбоотой тайлбар гаргадгийг болиод, фактын маргааныг биш эрхзүйн маргааныг хэлэлцэнэ. ҮХ- аас бусад хуулийн тайлбарыг ДШ гаргана гээд хийцэн. Хуулийг нэг мөр хэрэглэхтэй холбоотой тайлбар гаргахаар хуулийн төсөл дээр явж байгаа.

Бэхбат – “Иргэдийн алъяск төв” –ын ажилтан

Гомдол гаргахаар тэртэй холбоотой тайлбар гаргана гэж ойлгож болох уу?

Ж. Баярцэцэг - Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан  туслах

Хяналтын шатны шүүхийн чиг үүргийг одоо байгаа хуулин дээр байгаа нэг зүйл байгаа. Зөвхөн эрхзүйн маргааныг авч үзнэ, үйл баримтыг авч үзэхгүй байгаа тэр хэрэгжихгүй байгаа. Энийг бид шинэ хуулиар баталгаажуулж байна.

Бэхбат – “Иргэдийн алъяск төв” –ын ажилтан

Анхан шатны шүүхийн шийдвэр зүйтэй байна гээд хяналтын шатанд иргэн хүн зөвшөөрөхгүй бол энэ эцсийнх үү. Цааз сонсоо болоо гэсэн үг үү? Эсвэл тайлбар гаргана гээд сууж байна уу?

П.Цагаан – Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Шууд тулгаж хариу хэлэхэд хэцүү. Иж бүрнээр хандана. Анхан шатны шүүх дээр хэрэг маргаанаа шийдвэрлэдэг, шүүхэд тавьдаг шаардлагаа өндөржүүлж байгаа. Гаргасан шйидээ олон нийтэд ил тод болгож байгаа. Энэ шийдвэр судалгааны обьект болчиж байгаа. Тухайн шийдвэр миний хажуудах шүүгч, оюутан, эрдэмтдийн судалгааны обьект болчихно. Дараа нь давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Шүүгчид тавьж байгаа шаардлагаа өндөржүүлж байгаа гэсэн ш дээ. Дэвших гэх юм уу даа.

 

Шүүх дээр тавьж байгаа шаардлага өндөр болгож байгаа гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тэгхээр ерөнхийдөө дээд шатны шүүх рүү явж байгаа шүүгч нарт шаардлага тавихдаа өмнө нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрхэж байсныг нь бие даасан анализ хийдэг бусад орны туршлагыг хэрэгжүүлье гээд.  Бүх л юмыг эцсийн шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэх юм бол хуучин байдалтайгаа л үлдэнэ гэсэн үг л дээ. Бараг л хэрэг маргаанууд анхан шат болон давж заалдах шатан дээрээ л эцэслэн шийдвэрлэгддэг. Үнэхээр л хар цаган, үнэн зөвийн дэнсийг зөв олсон байх юм бол хүн болгон дээд шүүх рүү яваад байхгүй болтол нь шүүдэг сайн шүүхтэй, шүүгчтэй болгохын төлөө энэ хуулийн төслийг боловсруулж байгаа юм л даа. Тэгэхгүй бол зөвхөн дээд шүүх л үнэний туйл бусад шүүх бол худлаа гэсэн нь харьцангуй ойлголт юм. Тийм учраас асуудалд олон талаас нь хандах хэрэгтэй байх гэж бодож байна.

О.Зандраа - Шүүгч

Бэхбат өмгөөлөгчийн асууж байгаа асуултын хувьд бол та өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Шүүхийн тухай хууль үндсэн хуульд заасан заалтынхаа дагуу бол  улсын дээд шүүх хяналтын шүүх гэсэн 2 үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын 5 шүүх хурлын тогтоолыг улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор хууль зөрчсөн гэж үзэх юм бол дүгнэлт гаргаад нэгдсэн хуралдаанаар орж хэлэлцүүлж байгаа. Өнгөрсөн үйл явдлуудаас бид нар харж үзээд үнэлэлт дүгнэлт өгөөд шүүхийн тухай хуулийн үндсэн тогтолцооны нэг хэлбэр бол дагнасан байна дотроо төрөлжсөн байж болно гэж байгаа. Нэгдүгээр эрүү, иргэний захиргаагаар төрөлжье. Хоёрдугаар төрөлжсөн танхимын нэгдсэн шүүхийн шүүгчийн дүгнэлт эцсийн шийдвэр байна гэж нэг тийш нь хагалсан шийдвэр гаргаж байгаа. Шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шийдвэрийг эргэж харах боломжууд нь нээлттэй. Тэгэхгүй бол өнөөдөр дагнасан төрөлжиж байгуулагдсан шүүхийн шүүгчийн шийдвэрийг нэг прокурор юмуу нэг шүүгчийн үзэл санаагаар хууль зөрчсөн юм байна гэж дүгнэлт гаргаад нэгдсэн хуралдаанаар оруулж эцсийн шийдвэр гаргаад байгаа нь өөрөө дээд шүүх хяналтын шатны шүүх мөн гэсэн зааснаа зөрчөөд байна. Тийм учраас нэг тийш нь болгож төрөлжиж байгуулагдсан шүүхийн шүүгчийн шийдвэрээр нэг тийш нь хагалж байх нь дээр юм байна. Улсын дээд шүүхийн захиргааны хэрэг юмуу эрүү, иргэний хэрэг юмуу хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан өөр үндэслэлээр хянах боломжууд нь нээлттэй үлдэнэ ээ.

Ямар ч байсан нэг албан тушаалтны гаргаж байгаа саналаар нэгдсэн хуралдаан хуралддаг процесс байхгүй болно. Гэхдээ зүгээр нэгдсэн хуралдаан хуралдана ш дээ. Жишээ нь цаазын яалтай шийдвэрийн магадлалтай хэргүүд бол эцсийн нэгдсэн хуралдаанаар ордог журмаараа ороод л явах байх гэж бодож байгаа.

Тогтолцооны хууль гарсанаар хэд хэдэн юм эцэслэж шийдвэрлэгдэж байгаа юм шиг байгаа юм.  Нэгдүгээр эрхзүйн талаас нь хяналтын шатны шүүх хандая гэж байгаа юм. Манай өмгөөлөгч нар ч энд сууж байна. Өнөөдөр бид нар акт баримт юу байна эрхзүйн үйл баримт юу байна бүгдийг нь хамаад шийдэж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлье гэдэг үндэслэл зарчимтайгаа уялдаж яваад байгаа юм. Цаашдаа бол энийг халах нь ээ.

Давж заалдах шатны шүүх бол өөрөө үйл баримтынхаа маргаанаа эцэслэдэг эрхзүйн талаас нь хяналтын шатны шүүх эцэслэдэг энэ замруугаа л нэг мөр ормоор байна. Гомдол гаргаж байгаа улсууд нь энэ чиглэлрүүгээ гомдлоо гаргая, шүүх нь ч гэсэн өрөө энэ чиглэлрүүгээ ажиллая.

Урд тэр захиргааны хариуцлагын асуудал яригдаад байгаа нь энэ бол маргаантай асуудлын нэг мөн. Нэгдүгээр захиргааны хариуцлагийн тухай өнөөдрийн хуулийн дагуу шийдэгдээд байгаа асуудлууд зөв юмуу буруу юмуу гэж эргэж хархаар асуудлууд байгаа. Энэ дээр хууль зүйн яамнаас Ханнс Зайделийн сангаас тодорхой хэмжээний мэргэжилтнүүд ороод төслийг нь боловсруулж байгаа юм билээ. Түрүүн Эрдэнэцогт багшийн хэлснээр захиргааны актынхаа хувьд бол захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байгаа юм. Гэхдээ энэ захиргааний хэргийн шүүх бол өөрөө тодорхой зорилготой шүүх байгаа юм. Энэ зорилгод нь нийцсэн үйл ажиллагаа явуулахад энэ төрийн албадлагын арга хэмжээ авсан шийдвэр бол харьяалагдана гэхэд хэцүү юм билээ. Германд бол энэ эрүүгийн талаа барьдаг юм билээ. Ер нь бол эрүүгийн чиглэлээ барьж энэ асуудал шийдэгдэх ёстой. Захиргааны хариуцлагийн тухай хуулийн дагуу шийдэгдэж байгаа асуудал бол жижиг гэмт хэргийн шинж чанар агуулсан эрүүгийн хэрэг гэд шийдэж болохгүй зүйлүүдийг тэр захиргааны зөрчилрүү оруулж шийдэж байгаа юм.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 27 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax