БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч, магистр Д.Эрдэнэцэцэг Лекц №1 Хичээлийн хэлбэр: Лекц Хугацаа: 90 минут Ром гүрэн, Ромын эрх зүйн үүсэл, хөгжлийн үе шат, судлах зүйл, ромын хуульчид, үйл ажиллагаа Ромын эрх зүй МЭӨ 8-р зуунаас МЭ 6-р зуун хүртэлх хугацаанд Эртний ром, баруун Ромын эзэнт улсад үүссэн бий болж, хөгжиж байсан эртний эрх зүйн тогтолцоо юм. Ромын эрх зүй нь эртний ромын нийгмийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний бүрдэл цогц мөн. Ромын эрх зүйг “хүн төрөлхтний соёл иргэншлийн томоохон үзэгдэл” гэж тодорхойлоод нарийн тодруулбал өөрийн гэсэн хэлбэр, онцлог, тооны болон чанарын шинж бүхий нийтээрээ заавал биелүүлэх, зохих журмаар тогтоогдсон зан үйлийн горимын цогц ыолох эрх зүй юм. Энэхүү онцлог байдлыг Ромын эрх зүйн хүрээнд анх удаа үүссэн дараах эрх зүйн институт, үзэгдэл гэрчилдэг. Үүнд: 1. Ромын эрх зүйд “эрх зүй хүмүүс өөрсдийн ашиг сонирхолын үүднээс хүлээн зөвшөөрсөн, нийтээрээ заавал биелүүлэх хууль зүйн хэм хэмжээний тогтолцоо” гэж тодорхойлсон. Энэ нь хүн амыг хамгаалах институт юм. 2. Ромын эрх зүйд анх удаа эрх зүйн хэм хэмжээг “нийтийн, хувийн” гэж ангилсан. Уг ангилал орчин үеийн эрх зүйн судлал, юуны өмнө Ром-Германы эрх зүйн бүлийн гол тулгуур үндэс болдог ажээ. 3. Зохих бүрэн эрх олгогдсон байгууллага, хүмүүсийн дэс дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тэрхүү нөхцөлд Ромын эрх зүй үүссэн. Орчин үеийн хуульчид үүнийг “эрх зүйн /хэлбэр/ эх сурвалж”-ийн туха йсургаал гэж тодорхойлдог. 4. Ромын эрх зүйд анх удаа хууль зүйн нэр томъёо, ойлголт томъёологдож, эрх зүйн шинжлэх ухаан бүрэлдэн бий болсон гэж үзэж болно. Орчин үеийн эрх зүйд одоо ч үйлчилж байгаа өмчийн эрх зүй, сервитут, эд юмсын эрх зүй зэрэг эрх зүйн чухал институт Ромд үүссэн. 5. Ромын эрх зүй хүн төрөлхтний түүхэнд анх удаа хувь этгээдийн зан үйлийн горимыг урьдаас тогтоосон, уг горимыг биелүүлэхэд албадсан эрх зүйн хэм хэмжээг боловсруулсан төдийгүй, хүмүүсийн хоорондын харилцаанд эрхэмлэх онцгой соёлыг тодорхойлж, тэдгээрийн зан үйлийг үнэлэх шалгуурыг бий болгосон. Ромын эрх зүйн ойлголт, онцлог шинж Эрх зүйн анхны ангилалыг Ромын хуульч Ульпиан хийж, Ромын эрх зүйг 2 үндсэн ангилалд хуваажээ. Үүнд: 1. Нийтийн эрх зүй / jus publicum / 2. Иргэний эрх зүй / jus privatum / Нийтийн эрх зүй / jus publicum / гэдэг нь: Ромын төр, ард түмний ашиг сонирхолыг илэрхийлэн, төр иргэдийн хоорондын харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ юм. Нийтийн эрх зүйн институт нь: Төрийн эрх зүй, эрүүгийн эрх зүй Нийтийн эрх зүйн онцлог нь: Ш Нийтийн эрх зүйн онцгой субъект нь төр байна. Ш Төрийн эрх ашгийг илэрхийлдэг. Ш Нийтийн эрх зүйн хэм хэмжээг төрөөс бусад субъектын гэрээ, хэлцэл өөрчлөх эрхгүй. Нийтийн эрх зүй нь Ромын төр мөхөхөд устаж үгүй болсон. Иргэний эрх зүй / jus privatum / гэдэг нь: Хувь хүний ашиг сонирхол, хүсэл зоригийг илэрхийлж, тодорхой субъектуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ юм. Иргэний эрх зүйн институт нь: Өмчийн эрх зүй, үүргийн эрх зүй, өв залгамжлах эрх зүй, гэр бүлийн эрх зүй, иргэний байцаан шийтгэх эрх зүй гэх мэт. Иргэний эрх зүйн онцлог нь: Ш Хувь хүний эрх ашгийг илэрхийлдэг. Ш Сонгодог хэлбэрээр хөгжиж, орчин үеийн иргэний эрх зүйн онолын үндсийг тавьсан. Иймд эрдэмтэн судлаачид Ромын иргэний эрх зүйг эрх зүйн системийн зүрх нь гэж үздэг. Ш Ромын иргэний эрх зүйн эх сурвалж нь тодорхой хэргийг буюу казусыг шийдвэрлэсэн шийдвэрийн цогц байсан. Иргэний эрх зүй нь Ромын төр мөхсөний дараа ч үйлчилж байсан. Ромын хуульчид Иргэний эрх зүйг дотор нь 4 ангилж байсан. 1. Жам ёсны эрх зүй (jus naturale) 2. Квиритийн эрх зүй (jus civile) 3. Преторын эрх зүй (jus pretorium) 4. Ард түмний эрх зүй (jus gentium) Жам ёсны эрх зүй (jus naturale) Жам ёсны эрхийг эртний ромын хуульчид эртний грекийн сэтгэгчид хүлээн зөвшөөрдөг байсан. Жам ёсны эрхийг оюун ухаанд үндэслэсэн, үл өөрчлөгдөх, мөнх оршин байдаг, хүмүүсийн зан үйлийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ гэж тэд үзэж байсан. Жам ёсны эрхийн гол шинж нь: Ш Төрөөс тогтоогддоггүй учир хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив шинжтэй. Ш Анхдагч эрх зүй бөгөөд үл өөрчлөгдөх, мөнх орших шинжтэй. Ш Хүлээн зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч ямарч улс оронд дээд хүчин чадалтай үйлчилж байдаг онцлогтой. Ромын хуульч Ульпиан жам ёсны эрхийг нилээд өргөн хүрээтэй ойлгож “Ард түмний эрх нь зөвхөн хүмүүсийн харилцааг зохицуулдаг бол жам ёсны эрх нь бүх амьтанд үйлчилнэ” гэж үздэг байсан. Квиритийн эрх зүй (jus civile) Квиритийн эрх зүй нь Ромын эртний аймгийн нэрээр нэрлэгдсэн онцлогтой. Энэ эрх зүйн үндэсний шинжийг агуулсан Иргэний эрх зүй (jus civile) буюу хот улсын (civitas) хэмээн нэрлэгдэх болсон. Квиритийн эрх зүй нь Ромын үндсэн иргэдийн эрхийг хамгаалж, тэдгээрийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээ юм. Уг эрх зүйн гол шинж нь: Ш Харь иргэдийн эрхийг хязгаарлах, омог аймгийн явцуу байдал хадгалагдан үлдэж, зөвхөн үндсэн иргэдийн эрхийг хамгаалан, үндэсний шинжийг тод илэрхийлж байсан тул нэлээд консерватив шинжтэй. Ш Квиритийн эрх зүй нь эрх зүйн харилцаанд оролцогчдын хэлбэрийн төдий зан үйл гүйцэтгэхийг шаарддаг тул формаль шинжтэй. Ш Квиритийн эрх зүй нь зөвхөн үндсэн иргэдийн эрхийг хамгаалан, тодорхой нутаг дэвсгэрт үйлчилж байсан тул үйлчлэх хүрээгээрээ хязгаарлагдмал. Квиритийн эрх зүй нь консерватив, хязгаарлагдмал шинжтэй боловч удаан хугацаагаар хадгалагдан үйлчилж байсан. Преторын эрх зүй (jus pretorium) Преторын эрх зүй квиритийн эрх зүйтэй зэрэгцэн бий болжээ. Нийгмийн хөгжлийн явцад боол эзэмшигчид болон газар эзэмшигчдийн эрх ашгийг квиритийн эрх зүй хангалттай хамгаалж чадахгүй хязгаарлагдмал байсан тул түүнд нэмэлт өөрчлөлт оруулан, засч сайжруулах шаардлагатай болсон байна. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлт нь шүүхийн магистратуудын, ялангуяа преторын үйл ажиллагаанд үндэслэн хийгдсэн юм. Преторын эрх зүйн онцлог шинж нь: Ш Преторын хууль бүтээх үйл ажиллагааны явцад үүссэн. Ш Преторын эрх зүй нь эрх зүйн харилцаанд оролцогчдыг хэлбэрийн төдий зан үйлийг гүйцэтгэхийг шаарддаггүй тул формаль шинжгүй. Ш Энэ эрх зүй нь эрх зүйн харилцаанд оролцогч бүх субъектийн эрхийг хамгаалдаг. Тухайлбал: квиритийн эрх зүйгээр агнат нь эцгийн өв хөрөнгийг залгамжлах эрхтэй, когнат нь өв залгамжлах эрхгүй байсан бол Преторын эрх зүйгээр эцгийн өв хөрөнгийг агнат, когнат аль аль нь тэгш залгамжлах эрхтэй болсон. Ш Уг эрх зүй нь Ромын үндсэн иргэдийн төдийгүй, харь иргэдийн /перегренчүүд, латинчүүд гэх мэт /эрхийг хамгаалж, тэдэнд үйлчилж байсан тул хүрээ хязгаар нь илүү өргөн байв. Ард түмний эрх зүй (jus gentium) Ромын үндсэн иргэд харь иргэдтэй худалдаа, арилжаа хийх зайлшгүй шаардлагын улмаас буюу эдийн засгийн хөгжлийн явцад үндсэн иргэдийн болон харь иргэдийн үндсэн эрхийг /өмчлөх эзэмших, гэрээ хэлуэл хийх гэх мэт/ хүлээн зөвшөөрөх шаардлагтай болсон. Энэ үндсэн дээр ард түмний эрх зүй (Jus gentium) үүссэн байна. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зан үйлийн хэм хэмжээг ард түмний эрх зүй гэж Ромын хуульчид үзэж байв. Ард түмний эрх зүйн онцлог шинж нь: Ш Бүх нийтээр хүлээн зөвшөөрсний үр дүнд үйлчлэх хүчин чадалтай болдог. Ш Нийт ард түмний эрх ашгийг хамгаалдаг. Ш Ард түмний эрх зүйн харилцаанд бүх чөлөөт иргэд тэгш оролцдог. Ромын эрх зүйн ач холбогдол: 1. Ромын эрх зүй хүн төрөлхтний түүхэнд, тухайлбал эрх зүй төдийгүй соёл урлагийн хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Маркс, Энгельс өөрсдийн бүтээлд Ромын сонгодог эрх зүйн талаар тодорхойлсон нь санамсарггүй хэрэг бус. Үүнд: - Хувийн өмчинд дээр үндэслэсэн эрх зүйн төгс хэлбэр - Ромын хувийн эрх зүй худалдаачдын хоорондын харилцаа /худалдах, худалдан авах, зээл, гэрээ, үүргийн харилцаа/ -ны нарийн нийлмэл зохицуулалтаар тодорхойлдог. - Ромын эрх зүй цэвэр хувийн өмч ноёрхсон нийгэм дэх зөрчилдөөн, амьдралын нөхцлийн хууль зүйн сонгодог илрэл юм. 2. Ромын эрх зүй Европын Иргэний эрх зүйн онол болж өгсөн ба эдгээр улс орны эрх зүйд Ромын эрх зүйн нэр томъёо, ойлголтууд хадгалагдсаар иржээ. 3. Ромын эрх зүй хууль зүйн техникийн хувьд харьцангуй өндөр түвшинд хүрсэн байжээ. Хууль зүйн техникийг эзэмшснээр хууль тогтоох, хууль хэрэглэх үйл ажиллагааг зөв хэрэгжүүлдэг хуулийн эх, редакци хууль тогтоогч ямар утга санааг илэрхийлэхийг зорьсон, тэрхүү утга санааны агуулгад бүрнээ нийцсэн байх ёстой. Хууль тогтоогч зохицуулахыг эрмэлзсэн тэрхүү харилцааг хууль бүрэн хамарч байгаа эсэхэд хяналт тавихын тулд хууль зүйн техник шаарддагдаг. Ромын эрх зүйн хөгжлийн үе шат Ромын эрх зүй тухайн үеийн нийгмийн байгуулалын хөгжлөөс шалтгаалан янз бүрийн үе шатыг дамжин хөгжжээ. Эрдэмтэд ромын эрх зүйн хөгжлийн үе шатыг янз бүрээр тайлбарладаг. Ромын эрх зүйн хөгжлийг дараах үед хуваан үзэж болно. 1. Сонгодог эрх зүйн өмнөх үеийн эрх зүй буюу Ромын эртний үеийн эрх зүй (МЭӨ YIII-IY-р зуун) 2. Сонгодог эрх зүйн өмнөх үе (МЭӨ IY-I –р зуун) 3. Сонгодог эрх зүйн үе (МЭ I-III-р зуун) 4. Сонгодог эрх зүйн дараах үе (МЭ IY-YI-р зуун) Ш Юстинианаас өмнөх үе Ш Юстинианы үеийн буюу системчлэлийн үеийн гэсэн 2 үед ангилагддаг. Энэхүү анилалын гол шалгуур нь: 1. Эрх зүйн эх сурвалж 2. Эрх зүйн зохицуулалтанд хамаарч буй субъектын хүрээ хязгаар болдог. Ш Сонгодог эрх зүйн өмнөх үеийн эрх зүй буюу Ромын эртний үеийн эрх зүй (МЭӨ YIII-IY-р зуун) Эртний үед үйлчилж байсан хэм хэмжээ зөвхөн ромын иргэд-Квиритүүдийн субъект болон оролцож байсан харилцааг хамаарч байжээ. Үүнтэй уялдан уг эрх зүйг “квиритийн эрх зүй” гэж нэрлэдэг. Ш Сонгодог эрх зүйн өмнөх үе (МЭӨ IY-I –р зуун) МЭӨ 3-р зууны сүүлчээр Ром Газрын Дундад тэнгисийн хүчирхэг улс болж, патриц, плебей нарын тэмцлийн үр дүнд дотоодын шинэтгэл хийж эхэлсэн. Энэ нь Квиритийн эрх зүйн хэлбэрийн төдий байдал, субъектын хязгаарлагдмал хүрээг халж чаджээ. Эдгээр бүх өөрчлөлт 2 шинэ магистратын газрыг байгуулахад хүргэсэн. Энэ нь: - Хотын преторын магистратын газар /МЭӨ 367 он/ - Харь иргэд – преторын магистратын газар /МЭӨ 242 он / юм. Претор бол иргэдийн хооронд үүссэн маргааныг урьдаар шүүн үздэг шүүхийн түшмэл. Тэрээр эрх зүйн бүхий л алдаа, хийдэл, боловсронгуй бус байдалтай тулгарч байдаг албан тушаалтнуудын анхных нь юм. Ш Сонгодог эрх зүйн үе (МЭ I-III-р зуун) Сонгодог эрх зүйн үед: - Эрх зүй өөрийн оргил үедээ хүрч, эрх зүйн гол гол институт бий болсон. - Эрх зүйн шинжлэх ухаан / jurisprudentia / үүсч, шилмэл эрх зүйчдийн эгнээ өргөжиж, тэдний бүтээл хойч үеийн хуульчдын үйл ажиллагааны гол тулгуур болсон. - Энэ үеийн эрх зүйн гол эх сурвалж хуульчдын тайлбар / jus respondendi / болж байв. - Эрх зүйн шинжлэх ухааны түүхэнд анх удаа 2 урсгал /сургууль/ гарч ирсэн. Энэ нь Прокульяны, Сабиньяны сургууль юм. - Хууль зүйн боловсрол, сургалтын тогтолцоо бүрэлдэж, сургалтад зориулагдсан бүтээлүүд гарсан. Тухайлбал: профессор Гайн институций. Уг сурах бичиг 5-р зуунаас эхлэн нилээд алдар хүндийг олжээ. Ш Сонгодог эрх зүйн дараах үе (МЭ IY-YI-р зуун) Сонгодог эрх зүйн дараах үеийн Ромын эрх зүйн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа хийгдсэн эрх зүйн системчлэл юм. Ромын эзэнт гүрэн мөхсний дараа Ромын эрх зүйн системчлэл эрчимжсэн. Тухайлбал: Юстинианы хааны үед 528-534 онуудад хуулийн хүчин чадал бүхий 3 эмхтгэл зохиогджээ. Үүнд: 1. Институций I.2.22.1 – Институций 2-р ном 22-р гарчиг, 1-р зүйл 2. Дигест D.4.8.9.2 – Дигесты 4-р ном, 8-р гарчиг, 9 дэх хэсэг, 2-р зүйл 3. Кодекс С.4.30.5 – Кодекс 4-р ном 30-р гарчиг, 5-р хууль Институций / лат. Institio – сургаал / Ромын хуульчдын хувийн эрх зүйн анхан шатны сурах бичгийн нэр. 2- р зууны үед амьдарч байсан Ромын нэрт хуульч Гайн институций хамгийн алдартайд тооцогддог. Уг институций 4 номонд хуваагддаг. 1-р ном – Эрх зүйн этгээдийн тухай 2-р ном, 3-р ном – үүрэг болон эд юмсын тухай 4-р ном – нэхэмжлэлийн тухай Эдгээр нь Сэргэн мандалт, Дундад зууны үеийн хууль тогтоомжид /1804 оны францын Иргэний Кодекс/ тусгагдсан. Эртний ромд Марциал, Каллисрат, Павел, Ульпианы институций зохиогдсон. 533 онд Юстинианы институций зохиогдсон. Уг институцийн гол эх сурвалж Гайн институций болж байв. Дигест / Лат.Digesta – эмхэтгэл / Юстиниан хааны үед Баруун ромын эзэнт улс мөхсний дараа хийгдсэн Ромын эрх зүйн эмхтгэлийн хамгийн чухал хэсэг юм. Дигест ромын хуульчдын ромын эрх зүйн гол асуудлаар гаргасан санал, дүгнэлтийг /38 хуульч, 275 өгүүлэл / өөртөө багтаадаг. Дигестийг зохиох ажил 530 оны 12 дугаар сарын 15-нд эхэлсэн. Трибионианаар ахлуулсан 15 нэртэй хуульчдаас бүрдсэн Комисс байгуулагдаж уг ажлыг явуулснаар 533 оны 12 дугаар сарын 30-нд Дигест хүчин төгөлдөр болсон. Дигест 50 ном, 432 гарчиг, 9123 хэсгээс бүрдсэн. Дигест агуулгаараа 3 томоохон хэсэгт хуваагддаг. 1. Хууль, зан заншлаар дамжин илэрч байгаа ромын хуучны эрх зүйд хамаарах Ромын хуульчдын бүтээлийн хэсэг /jus civile / 2. Хожуу бий болсон преторын эрх зүйд зориулагдсан бүтээлийн хэсэг /jus preatorium / 3. Практик шинжтэй олон төрлийн зохиолын хэсэг тухайлбал: хуульч Папинианы зохиол Хэсэг бүр зохиогчийн нэр, уг хэсэг нь нэрлэгдсэн зохиол бүтээлийн өөрийн нэртэй байжээ. Дигестийн бүх номыг агуулгаар нь 7 хэсэгт хувааж болно. Үүнд: 1. 1-4 ном эрх зүйн талаарх ерөнхий тодорхойлолт /Ta prota / 2. 5-11 ном нэхэмжлэл гаргах ажиллагаа /De judiciis / 3. 12-19 ном үүргийн эрх зүй /De rebus / 4. 20-27 ном олон төрлийн институт (барьцааны эрх зүй шүүхийн нотолгоо, гэрлэх журам, гэр бүлийн харилцаа) /Umbicus / 5. 28-36 ном өв залгамжлалын эрх зүй /De testamentis / 6. 37-44 ном өв залгамжлалын эрх зүй /Pars sexta / 7. 45-50 ном цэргийн гэмт хэрэг /pars septima / Дундад зууны хуульч, судлаачдын хувьд дигест 7-р зуунаас эхлэн тодорхой болсон байна. Дигестийг грекээр “пандект” гэж нэрлэдэг. Кодекс / лат. Codex –хуулиудын эмхтгэл / Хуулийн хураангуй акт, уг актад нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүд нэгдэж системчлэгддэг. Кодекс хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог ажээ. Ромын эрх зүйн системчлэлийн үр дүнд иргэний эрх зүйн эмхтгэл / Corpus juris civiles 528-534 /бий болсон. Уг эмхтгэл: Юстинианы Кодекс / Codex Justinianus / 529 оны 4 сарын 7-нд хүчин төгөлдөр болсон. 12 ном болж хуваагдсан. 2-р зуунаас хойшхи ойролцоогоор 4600 хуулийг өөртөө багтаадаг. Түүнийг гарч ирсэнтэй холбоотойгоор Кодекст багтсан бүх хуулиуд заавал биелэгдэх шинжтэй, багтаагүй бол бүх хууль хуулийн хүчин чадлаа алддаг байжээ. Дигест /Digesta / Institutions / Институци / хуульчдын сургалтанд зориулсан сурах бичиг. Дигестийг зохиосон Комисс Институцийг зохиох ажлыг явуулсан. Дигест хүчин төгөлдөр болсон тэр өдөр Институци хүчин төгөлдөр болжээ. Юстинианы Новелл / Novellae (Leges) Justinnani Өмнөх гурван хэсгийг зохиогдсоны дараа батлагдсан хуулиудын эмхтгэл юм. 535-556 онуудын хооронд батлагдсан хуулиудыг өөртөө багтаасан хэсгээс бүрдэнэ. Ромын эрх зүйн зохицуулах зүйл: Эртний ромын нийгмийн харилцаа, тухайлбал төр, захиргаа, эрүү, иргэний болон байцаан шийтгэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Ромын эрх зүйн судлах зүйл: Эртний Ромын нийгмийн харилцаанаас гадна Ромын хуульчдын бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болж, эзэнт гүрний нийгмийн харилцааг зохицуулж байсан хэм хэмжээнүүд, тэдгээрийн үүсэл хөгжлийг судална. Ромын эрх зүйн судалгааны арга: Судалгааны арга гэдэг нь шинжлэх ухааны мэдлэг олж авахад чиглэгдсэн арга барил, зарчмууд юм. Ромын эрх зүйг судлахдаа юуны өмнө дараахи үндсэн аргуудыг хэрэглэнэ. Үүнд: 1. Түүхчлэн судлах арга: Ромын эрх зүйг судлахдаа тухайн түүхэн тодорхой цаг, нөхцөлд нь хөгжлийн зүй тогтол талаас нь судална. 2. Он дараалан судлах арга: Ромын эрх зүйг үүссэн цагаас нь он дараалан судална. 3. Харьцуулан судлах арга: Ромын эрх зүйг судлахдаа түүхэн хөгжлийнүе шатуудад нь харьцуулан жишиж, адил төстэй ба ялгаатай шинжүүдийг илрүүлэн судална. 4. Диалектикийн арга: Ромын эрх зүйг байнгын хөгжил хөдөлгөөнд, харилцан хамааралд нь судална. 5. Логик арга: Ромын эрх зүйг танин мэдэхүйн сэтгэлгээний түвшинд онолын дүгнэлт хийж судална. БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч, магистр Д.Эрдэнэцэцэг Лекц №2 Хичээлийн хэлбэр: Лекц Хугацаа: 90 минут РОМЫН ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ Ромын эрх зүйн эх сурвалж, заншил, хууль XII самбар /Хүснэгт/ -ын хууль Эрх зүйн эх сурвалж гэдэг нь: Эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэрийг эх сурвалж гэнэ. Ромын түүхч Тит Ливий “12 хүснэгтийн хууль”-ийг Нийтийн, хувийн эрх зүйн эх сурвалж гэж нэрлэсэн. МЭӨ 451 онд Ромд анхны бичмэл хууль болох “12 хүснэгтийн хууль” батлагджээ. Эх сурвалж хэмээх үг “үндэс” гэсэн утгаар хэрэглэгддэг. Ромын эрх зүйн олон сурах бичигт эрх зүйн эх сурвалжийг дараах агуулгаар илэрхийлэн хэрэглэж иржээ. Үүнд: A. Эрх зүйн хэм хэмжээний агуулгын үндэс B. Эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэн тогтох арга, хэлбэр C. Эрх зүйг танин мэдэх уг сурвалж Эртний Ромд эрх зүйн хэм хэмжээ нь түүхэн хөгжлийн явцад дараах хэлбэрээр бүрэлдэж байжээ. 1. Зан заншлийн эрх зүй (Consuetudo) 2. Хууль (Leges) 3. Магистратын эдикт (Edicta magistratuum) 4. Ромын хуульчдын үйл ажиллагаа Зан заншлийн эрх зүй (Consuetudo) Юстинианы Институций бичмэл / Jus scriptum/, бичмэл бус /Jus non srcriptum/ эрх зүйг өөр хооронд нь ялгаж өгсөн байна. Бичмэл эрх зүй гэж засаглалын байгууллагаас хянан засварлагдан гарсан хууль, бусад хэм хэмжээг хэлнэ. Бичмэл бус эрх зүй практикт бүрэлдэн бий болсон хэм хэмжээнүүд юм. Хэрэв практикт бүрэлдэн бий болсон хүмүүсийн зан үйлийн горим төрийн засаглалын зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй, хамгаалагдаагүй бол ердийн зан заншил болдог. Хуульчдын үйл ажиллагаа: А. Эрх зүйн хэм хэмжээг бүтээх арга, хэлбэр Албадлагын хүчээр хамгаалагдсан хэм хэмжээг бий болгохын тулд тодорхой үйл ажиллагаа, журмыг баримтлах тухай санаа анх удаа Ромын эрх зүйд үүсэн бий болж, хууль зүйн хувьд хэлбэржсэн байдаг. Ийм байдлаар эрх зүйн эх сурвалжийн /хэлбэрийн/ тухай сургааль бий болсон. Уг сургаал дараах онцлогтой. Үүнд: - Эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл олон төрлийн хэлбэрээр илэрдэг. - Эрх зүйн хэм хэмжээ бүтээх арга, хууль зүйн хүчин чадлын хувьд харлцан адилгүй зэрэг болно. Эртний ромд хэм хэмжээг бүтээх үйл ажиллагааг үндсэн 2 үед хуваадаг байсан. Үүнд: 1. Эхний үе /МЭӨ 8-5-р зуун /. Энэ үед ердийн эрх зүй зонхилж байв. Юстинианы Институций бичмэл / Jus scriptum/, бичмэл бус /Jus non srcriptum/ эрх зүйг өөр хооронд нь ялгаж өгсөн байна. Бичмэл эрх зүй гэж засаглалын байгууллагаас хянан засварлагдан гарсан хууль, бусад хэм хэмжээг хэлнэ. Бичмэл бус эрх зүй практикт бүрэлдэн бий болсон хэм хэмжээнүүд юм. Хэрэв практикт бүрэлдэн бий болсон хүмүүсийн зан үйлийн горим төрийн засаглалын зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй, хамгаалагдаагүй бол ердийн зан заншил болдог. Ердийн эрх зүй: /consuetude, non scriptum/ дараах онцлог шинж бүхий хэм хэмжээ, горимын цогц юм. Үүнд: Ш Батлан гаргадаг тодорхой механизм, журам байдаггүй. Ш Өдөр тутмын үйл ажиллагааны явцад үүсдэг. Ш Бичмэл хэлбэргүй. Ш Хэн ч батладаггүй. Ш Биелүүлэхэд удаан хугацаа шаардагддаг. Ердийн эрх зүйг үүсэн бий болсон онцлог, хэрэглэгдсэн хугацааны байдлаас хамаарууланхэд хэдэн хэлбэрт хуваан үзэж болно. 1. Mores majorum –өвөг дээдсийн зан заншил 2. Usus – ердийн практик Үүнд: - Commentarii pontificum – тахилч лам нарын практикт бүрэлдэн бий болсон зан заншил - Commentarii magistratuum – магистратын практикт бүрэлдэн бий болсон зан заншил зэрэг хамаардаг. Ердийн эрх зүй МЭӨ 451 он хүртэл цорын ганц эх сурвалж болж байсан онцлогтой. МЭӨ 451 онд Ромд анхны бичмэл хууль болох “12 хүснэгтийн хууль” батлагджээ. Хууль батлагдсантай холбоотойгоор эхний үе дуусч, хоёрдох үе болох позитив эрхийн үе эхэлсэн. 2. Позитив эрхийн үед: 1. Эрх зүйн актыг батлах механизм, журам үүсч хэлбэржсэн. 2. Эрх зүйн эх сурвалжийн олон хэлбэр бий болсон. Ромын эрх зүйд эрх зүйг бүтээх дараах хэд хэдэн хэлбэр байсан. - Хууль /Бүгд Найрамдах Улсын үед Ардын Хурлын тогтоол, Принципатын үед Сенатын тогтоол, Хэмжээгүй эрхт Хаант Засгийн үед Эзэн хааны конституций тус тус хууль болж байсан. - Магистратын эдикт - Хуульчдын үйл ажиллагаа зэрэг болно. Цицероны бүтээлд хуульчдын үйл ажиллагааг дараах нэр томъёогоор тэмдэглэсэн байна. Үүнд: - Respondere - иргэдээс маргаантай байгаа асуудлаар хуульчдад хандсан тохиолдолд тэдний зүгээс зөвөлгөө өгөх - Cavere - гэрээ, хэлцэл байгуулах үед тухайн иргэний эрх, ашиг сонирхолыг хамгаалах - Agree – талуудын хоорондын шүүн таслах ажиллагааг явуулах (өмгөөлөгч болж хэрэгт оролцох бус) - Scriber – иргэний эрх, ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор гэрээний эх, төсөл зохиох, бусад ажил хэргийн баримт бичиг үйлдэх ажиллагаа зэрэг болно. Ромд нэр хүндтэйд тооцогддог дараах хуульчид байсан. 1. Секст Элий Пэт Кат /МЭӨ 2-р зуун/ (хууль, хуулийн тайлбар, процессын хэлбэрийг томъёолсон) 2. Марк Манилий, Юний Брут, Публий Муций Сцевола (Эдгээр хуульчдыг хуульч Помпоний “Jus civile fundaverunt” буюу Иргэний эрх зүйг үндэслэгчид гэж хэлсэн байдаг.) 3. Квинт Муций Сцевола /МЭӨ 1-р зуун/, Аквилий Галл, Цицерон Сонгодог эрх зүйн эхэн үед хамаарах нэрт хуульчид: 1. Лабеон 2. Капитон нар Бүгд Найрамдах Улсын үеийн шүүн шийдэх ажиллагааг сонгодог эрх зүйн үеийнхтэй холбож өгч, хуульчдын 2 сургуулийг байгуулсан. Үүнд: - Прокульяны сургууль / Лабеоны шавь Прокулын нэрээр нэрлэгдсэн/ - Сабиньяны сургууль / Капитоны шавь Сабины нэрээр нэрлэгдсэн/ зэрэг болно. 3. Эцэг хүү Цельз 4. Помпоний, Юлиан, Гай / Папиниан, Павел, Ульпиан МЭӨ 2-3-р зуун/ зэрэг болно. Мөн ромын анхны хуульчид нь тахилгач лам нар байсан бөгөөд хуульчдын үйл ажиллагаа нь юцны өмнө эрх зүйг тайлбарлахад илэрч байв. Ромын хуульчдын бүтээлүүдийг дараахи категорит хувааж үзвэл: 1. Кивиритийн эрх зүйг боловсруулахад зориулсан бүтээлүүд. Энэхүү бүтээлүүдэд хуульчид Мазуры Сабины үзлийг баримталсан байдаг бөгөөд “Libri ad sabinum” гэсэн нэртэй. М.Сабин нь Квиритийн эрх зүйг тайлбарласан МЭ 1 зууны нэртэй хуульч юм. Түүний томоохон бүтээл нь “Иргэний эрх зүйн тухай” хэмээх бүтээл юм. 2. Ульпиан, Павел, Гай, Лабеон зэрэг хуульчдын бичсэн преторын эдиктийг тайлбарласан зохиолууд 3. Кюиритийн ба преторын эрх зүйг нэгтгэсэн эмхтгэл буюу Дигест 4. Сурах бичиг. Үүнд: институций (хуульчдын сургалтанд зориулсан сурах бичиг), дүрэм журмын эмхэтгэл (regulae) үзэл сэтгэлгээний эмхэтгэл (sententiae) хамаарагдана. 5. Асуулт /Цельз, Помпоний/, хариулт /Папиниан/ хэмээх бүлгийн дор нэгтгэгдсэн тохиолдлын эмхэтгэл. 4-р зуунаас эхлэн хуульчдын үйл ажиллагаа уналтанд орж, бүтээлч шинж нь буурч, хуульчдыг эрх зүйг бүтээгч болгон ашиглахгүй, эзэн хааны түшмэлийн албан тушаалд тавьдаг болжээ. Дээрх уналтын шалтгаан “Хуульчдаас ишлэл авах тухай хууль” юм. Энэхүү хуулиар асуудлыг шийдвэрлэхдээ урьд өмнө бүтээгдсэн шийдвэрийн оронд хуульчдаас механик ишлэл хэрэглэгдэх болжээ. Уг хуульчдын санал тухайн хуулиар зохицуулахдаа заавал биелэгдэх шинжтэй болсон байдаг. Ийнхүү ишлэл хийгддэг хуульчдын тоонд Гай, Папиниан, Павел, Ульпиан, Модестин зэрэг 5 хуульч ордог. Эдгээрийн санал зөрчсөн тохиолдолд олонхын саналыг харгалзах, санал тэнцсэн бол хуульч Папинианынхыг баримтлах тухай заасан байдаг. БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч, магистр Д.Эрдэнэцэцэг Лекц №3 Хичээлийн хэлбэр: Лекц Хугацаа: 90 минут Субъектуудын эрх зүйн байдал Субъект, түүний эрх зүйн чадвар: Эртний ромын эрх зүйн харилцааны субьект нь хүн, хүмүүсийн нэгдэл, байгууллага орж байсан. Гэхдээ хүн бүр эрх зүйн харилцааны субъект болохгүй бөгөөд боолыг (servi) эрх зүйн харилцааны субъект биш харин объект гэж үздэг байсан. Боолыг эд юмстай адилтгаж, үхэр лууснаас түүний гол ялгаа нь ярих чадвар гэж үзээд ярьдаг багаж хэмээн нэрлэдэг байжээ. Эрх зүйн харилцааны субъектыг Ромын эрх зүйд “persona” гэж нэрлэдэг. Эрх зүйн чадварыг “caput”, эрх зүйн чадвартай байхыг “caput habere” гэнэ. Эрх зүйн харилцааны субъект нь эрх зүйн бүрэн чадвартай байхын тулд гурван үндсэн шаардлагыг буюу эрхийн байдлыг хангах ёстой ажээ. Үүнд: 1. Эрх чөлөөтэй байх 2. Иргэний байдал 3. Гэр бүлийн байдал буюу өрхийн тэргүүлэгчийн засаглалд захирагдахгүй байх Эрх зүйн байдал /статус/ хувь этгээдийг ямар нэгэн эрх зүйн шалгуурын үүднээс тодорхойлдог. Эрх зүйн этгээдүүдийг тэдний хувийн байдлын онцлогоос хамааруулан хэд хэдэн бүлэгт хуваан үздэг. Тухайлбал: v Эрх чөлөөний байдлын үүднээс а/ Эрх чөлөөт иргэн б/ Боол /servi/ гэж хуваадаг. Эрх чөлөөний байдал өөрчлөгддөг учраас эрх чөлөөгөө алдаж, олж авч болно. Эрх чөлөөгөө доорх аргаар олж авна. Үүнд: - Жам ёсны аргаар буюу төрөлтөөр /эрх чөлөөтэй төрөгсөд / - Зохиомол аргаар буюу боолыг чөлөөлөх /боолоос чөлөөлөгсөд / үэрэг болно. v Иргэний байдал тухайн этгээдийн иргэний /төрийн / харьяалалыг илэрхийлдэг. Үүнээс үүдэн а/ Ромын иргэн (cives romani) б/ Латинчууд (Latini) в/ харь иргэд (peregrini) гэж хуваадаг. v Гэр бүлийн байдал - Тухайн этгээд Ромын гэр бүлд харьяалагдах эсэх - Гэр бүлд байгаа этгээдийн эрх, үүргийн хэмжээ, хязгаар ямар байгаа зэргийг тодорхойлдог. Гэр бүлийн байдлын үүднээс: - Өөрийн эрхийн этгээд - Бусдын эрхийн этгээд Эрх зүйн чадвар үүсэх, дуусгавар болох Эрх зүйн чадвар хүмүүст төрснөөр /байгалийн арга/, боол эрх чөлөөтэй болсноор /зориудын арга/ үүсдэг. Байгалийн арга нь шинээр төрөгсөд заавал дагаж мөрдөх олон шаардлагаар тодорхойллогддог. Үүнд: А. Эрх чөлөөтэй эхээс төрөх Б. Хүний төрлийг олсон байх В. Хугацаа гүйцээж нярайлсан байх Г. Эхийн хэвлийгээс гарч, хэсэг хугацаанд ч гэсэн амьд байх зэрэг болно. Боолчууд зориудын аргаар эрх зүйн чадвартай болдог байв. Эрх чөлөөтэй болж суллагдсан боол дараах эрх зүйн чадварын аль нэгийг олж авдаг. Үүнд: А. Ромын иргэдийн /боолоос чөлөөлөгдөгсдийн / эрх зүйн чадвар Б. Латины эрх зүйн чадвар В. Харь иргэдийн эрх зүйн чадвар зэрэг болно. Эрх зүйн чадвар байгалийн, зориудын гэсэн 2 аргаар дуусгавар болдог байсан. Чадамжийн асуудал: Иргэдийн эрх зүйн чадамж нь юуны өмнө субъектын наснаас хамаарч янз бүр байв. Уг эрх зүйд субъектыг эрх зүйн чадамжаар нь: 1. Эрх зүйн бүрэн чадамжай субъект (эрэгтэй 14-25 нас, эмэгтэй 12-25 нас ) 2. Эрх зүйн хязгаарлагдмал (хэсэгчилсэн) чадамжтай субъект (эрэгтэй 7-14, эмэгтэй 7-12 нас) 3. Эрх зүйн чадамжгүй субъект гэж ангилдаг. (7 нас хүрээгүй бол ) Эмэгтэйчүүдийн эрх зүйн чадвар, чадамжийг эрх зүйн хөгжлийн ямарч үед хязгаарлаж ирсэн. Иргэд дараахи тохиолдолд ромын иргэн байх эрхээ алдана. 1. Эрх чөлөөгөө алдсанаар (capitis deminutio maxima). Дайны явцад ромын иргэд олзлогдон боол болсноор эрх чөлөөгөө алдаж байсан бөгөөд суллагдан нутагтаа эргэж ирсэн тохиолдолд бүх эрх нь сэргээгддэг. 2. Иргэн өөрөө сайн дураараа иргэн байх эрхээсээ татгалзах. Колонийн газар нутагт оршин суугаа латинчуудад газар олгодог байсан учраас Ромын иргэд газар авахын тулд иргэн байх эрхээсээ татгалзан латин болдог байжээ. Либертийн эрх зүйн байдал:/ Чөлөөт иргэд / Боолоос чөлөөлөгсдийг либерти (Liberti) гэж нэрлэдэг. Боолоос чөлөөлөгсөдийн эрх зүйн байдал нь эрх чөлөө олгож байгаа субъектын эрхээс шалтгаалан янз бүрээр тодорхойлогддог байжээ. Тухайлбал: Квиритийн өмчийн эзний сулласан боол нь Ромын иргэн байх эрхтэй бол преторын өмчийн эзний сулласан боол нь зөвхөн латины иргэн байх эрхтэй. Харин Юстиниан хааны үед энэхүү ялгаа үгүй болж, хэрвээ боолоос чөлөөлөх нь хууль зүйн дагуу хийгдсэн бол чөлөөлөгдсөн боол нь Ромын иргэн болж байжээ. Квиритүүд гэдэг нь Ромын үүсгэн байгуулагч гэж үздэг Квирина бурханы хөвүүд гэсэн үг юм. Ромын иргэн байхын тулд дараах чадваруудыг хангасан байвал зохино. Ш Эрх чөлөөтэй байх чадвар Ш Харьяат байх чадвар Ш Гэр бүлтэй байх чадвар Квиритүүдээс гадна дараах этгээдүүдийг ромын чөлөөт иргэд гэж ойлгоно. Патриц /pater/ Ромын үндсэн омгоос гаралтай улс төр, эдийн засгийн бүрэн эрх чөлөөтэй, ромын уугуул бөгөөд харьяат иргэн. Патрон /patronus/ хамгаалагч, ивээгч, өмгөөлөгч Плебей /plebis/ ромын үндсэн омогт багтахгүй, гаднаас ирж суурвшсан хүмүүс Нобилитет /nobilitus/ баян чинээлэг, хувийн өмч бүхий ромын иргэд Боолоос чөлөөлөгдсөн Либерти хэдийгээр ромын иргэн болсон боловч эрх зүйн бадал нь эрх чөлөөтэй төрсөн субъекттэй адил биш байсан. Иргэний эрх зүйн харилцаанд боолоос чөлөөлөгдсөн либертийн эрх зүйн чадварыг хязгаарлаж байсан. Тухайлбал: Либертийг эрх чөлөөтэй субъекттэй гэр бүл болохыг хориглож байжээ.
|